УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэх, хэрэглэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажилтай холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулахаар долоон бүлэг 45 зүйлтэй хуулийн төслийг боловсруулжээ.
Төсөлд “согтууруулах ундаа” гэж хүнсний зориулалттай түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2-оос дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан дарс, тэдгээрийн үндсэн дээр бэлтгэсэн ундаа, шар айраг, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг тодорхойлсон байна. Харин “согтууруулах ундааны эргэлт” гэж согтууруулах ундааг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түүгээр үйлчлэх, хэрэглэхийг тус тус ойлгохоор тодорхойлжээ. Төслийн 2 дугаар бүлэгт согтууруулах ундааны үйлдвэрлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгохоор, экспортлох зорилгоор сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг чөлөөт бүсэд үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг чөлөөт бүсийн захирагч олгохоор тусгажээ. Мөн согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавих шаардлагыг шинээр тодорхойлохдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэж, эрх бүхий байгууллагад тогтмол мэдээлэх төхөерөмжтэй байх, үйлдвэрлэх шаардлагатай бүтээгдэхүүний зохих доод хэмжээг тусгай зөвшөөрөлд тусгах, орц, найрлага, түүхий эд, этилийн слиртийн агууламж ижил, нэг төрлийн согтууруулах ундааг нэгээс дээш нэрээр үйлдвэрлэхийг хориглох заалт оруулсан байна.