СПИРТ АГУУЛСАН УУСМАЛ БҮХЭН СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ТӨРӨЛ
Дэлхийд бүртгэгдэж байгаа зүрх судасны өвчин, улаан хоолой болон элэгний хорт хавдар, элэгний хатуурал, осол гэмтэл, гэмт хэргийн нэлээдгүй хувь нь архины хэрэглээтэй холбоотой байдаг. Сүүлийн жилүүдэд архины хэрэглээ дэлхийн хэмжээнд, ялангуяа хөгжиж буй орнуудад нэмэгдэж байна.
Архи, спиртийн төрлийн ундаа хүний уураг тархи сэтгэцийг мансууруулах үйлчилгээтэй донтуулагч бүтээгдэхүүн бөгөөд удаан хугацаагаар хэрэглээд байвал архийг хэрэглэхгүйгээр байж чадахгүй байдалд хүрэх буюу архины хараат байдалд ордог. Архи, согтууруулах ундааны буруу хэрэглээ нь өөрийгөө хянах чадварыг алдагдуулж санамсаргүй гэмтэл бэртэл, зуурдын үхлийн томоохон шалтгаан болгодог.
Эхний хундага уухад таны тархинд гарсан химийн бодисын өөрчлөлтөөр танд амарсан мэт тааламжтай мэдрэмж үүссэн мэт санагдана. Ихэнх хүмүүст анх архи уугаад өөртөө итгэлтэй болох санаа зовох байдал буурдаг байна. Учир нь тархинд бидний санаа зовоодог хэсгийг дарангуйлж эхэлсэнтэй холбоотой. Гэвч хүн их уух тусам тархинд гарах өөрчлөлт төдий чинээ их гарна. Архи эхний мөчид эерэг мэдрэмж төрдөгч, архины тун хэмжээ нэмэгдсэнээр сайхан мэдрэмжээс илүүтэй сөрөг сэтгэл хөдлөлийн хариу улам гардаг байна. Архи таныг улам догшин болгох буюу илүү ууртай, догшин ширүүн авиртай болж, сэтгэл санаа тогтворгүй болох сэтгэл гутралд илүү ордог байна.
“Би архичин биш, би бараг уудаггүй хааяа нэг уудаг. Нэг уучихаараа л давраад олон хоногоор ууж, шараа тайлдаг.” “Би яахаа алдсан хүн биш, хүмүүстэй нийлж ууддаггүй гэртээ ганцаараа л уудаг” гэж ярихыг нэлээд хүнээс сонсдог. Тэгвэл дээрхи 2 тохиолдол нь архины хараат байдалд орсныг илтгэдэг үзүүлэлтүүд болдог байна. Шартдаг, шараа архиар тайлдаг бол архинд донтох өвчний дунд үед хүрсэн гэсэн үг.