Бөөгнөрөл үүсгэсэн амрагчдыг торгож эхэллээ
Нийслэлд халдварын тархалт гамшгийн хэмжээнд хүрч, иргэдийг тусгаарлалтын дэглэм чанд баримтлахыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас шаардаж буй. Гадуур зарим үйлчилгээний байгууллагуудыг түр хугацаагаар хаасантай холбоотойгоор иргэд аль болох агаар салхинд гарахыг эрмэлзэх болсон. Энэ удаагийн сурвалжлагаар хүмүүс хэрхэн голын эрэг дагуу амарч, зугаалж байгааг сурвалжиллаа.
Хэдийгээр халдварын тархах эрсдэл гадаад орчинд бага боловч хүн олноор цугларах нь хүнээс хүнд дамжих халдварын магадлалыг нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс Даваа гаригаас /2021.06.21/ голын эрэг дагуу иргэдийн амралт, зугаалгыг хязгаарлах болсон билээ. Албаны хүмүүс үүнд халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж зорчвол агаар салхинд гарах эрхийг хязгаарлахгүй гэдэг тайлбарыг хэлж байв. Хэн ч ажлын бус цагаар цэвэр агаарт зугаалах нь эрүүл мэндэд сайн. Туул голын эрэг дагуу хүний төвлөрөл ихтэй газар хэд хэд бий. Тэр бүрт хяналтын ажилчид ажиллаж байгаа юм байна.
ШААРДЛАГА ТАВЬЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ИРГЭД ГОМДОЛЛОЖ БАЙНА
Энэ талаар ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ДАРГА Б.БААТАРХҮҮ:
Зөвхөн Covid-19-ийн эрсдэлээс гадна гол дагуу амарч байгаа иргэд согтуурч, бороо ихээр орж үерлэж буй өдрүүдэд усанд унах, живэх эрсдэлд өөрийгөө оруулж байна. Алба хаагчдын зүгээс бидэнд өгсөн журмын дагуу зааварчилгааг биелүүлж ажиллаж байгаа. Түүнээс хүний эрх ашгийг зөрчих, хэн нэгэн албан тушаалтныг дэмжих шаардлага цагдаагийн алба хаагчдад байхгүй. Амралтын газрууд хууль бусаар ажиллаж байгаа учраас захиргааны арга хэмжээ авч байна. Завьтай, морьтой, автомашинтай, явган зэрэг 1000 гаруй алба хаагч халдвар хамгаалалтын дэглэм сахиулахаар ажиллаж байгаа. Гол дагуух зорчих хэсэгт очиход л шаардлага тавьсан иргэд хүлээж авахгүй байх, гомдол өгнө гэх хандлага маш ихээр гарч байна.
Эх сурвалж: https://news.mn/r/2444245/