ЧИХРИЙН ШИЖИН-ЧИМЭЭГҮЙ ТАХАЛ
Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Цэргийн төв эмнэлгээс “Чихрийн шижингийн үеийн нүдний хүндрэлээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.
Дэлхийн чихрийн шижингийн холбооноос гаргасан судалгаагаар дэлхийд чихрийн шижин өвчтэй 400 гаруй сая хүн байгаа бөгөөд тус статистик тоо 2030 он гэхэд 600 саяд хүрэх магадлалтай байгаа юм. Цэргийн төв эмнэлэг нь 2018 оноос хойш уг өвчинтэй тэмцэх, өвчлөлийг бууруулах зорилгоор уг өдөрлөгийн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ удаагийн өдөрлөгт 200 гаруй хүн хүрэлцэн иржээ.
ЦТЭ-гийн Дотоод шүүрэл булчирхайн нарийн мэргэжлийн эмч, дэслэгч Ч.НАРАНГЭРЭЛ: “Өнөө үед 10 хүн тутмын нэг нь сахартай, хоёр хүн тутмын нэг нь чихрийн шижингийн өвчлөлтэй гэдгээ мэдэхгүй явж байна. Тиймээс дэлхийн чихрийн шижингийн холбооноос энэхүү “Чимээгүй тахал” гэгдэж буй өвчинтэй тэмцэх зорилгоор жил болгоны 11 дүгээр сарын 14-ний өдрийг “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр” болгон зарласан байдаг. Өдгөө чихрийн шижингийн өвчлөлтэй хөдөлмөрийн насны гурван хүн тутмын нэг нь хараа алдагдалтай гэсэн судалгаа гарсан учраас тус өдөрлөгийг “Чихрийн шижингийн нүдний хүндрэлээс сэргийлье” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна”.
Өдөрлөгийн хүрээнд ард иргэдэд чихрийн шижингийн үнэ төлбөргүй оношилгоог хийж сургалтад хамруулахын зэрэгцээ нэгэнт уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд хэрхэн зөв зохистой хооллож, дасгал хөдөлгөөн хийх талаар зөвлөгөө мэдээлэл хүргэсэн юм. Мөн энэ удаагийн өдөрлөгт цэргийн нэгтгэл, анги, салбаруудын эмч нар уригдан оролцож байгаагаараа онцлог болж байна.
Иргэд тус өвчнөөр өвчилж буй шалтгаан нь тодорхой болон тодорхой бус гэсэн хоёр хэв шинжтэй. Тодорхой шалтгаан нь хөдөлгөөний хомсдол, таргалалт амьдралын болон хоолны буруу хэв маяг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй байдалтай холбоотой.