ГАМШИГ, ОСЛЫН ҮЕД ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ДАДЛАГА, СУРГУУЛЬ БОЛЛОО
Өнгөрсөн 9-р сард Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Төв эмнэлгийн төлөвлөлтийн баг Монгол Улсын Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах төслийн хүрээнд олныг хамарсан гамшиг, ослын үед яаралтай тусламж үзүүлэх дадлага, сургуулийг үзэж сонирхлоо. Энэ үеэр дараах хүмүүсийн сэтгэгдлийг хуваалцсан юм.
Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Төв эмнэлгийн мэс засал, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, хурандаа НИШИЯАМА ТИАКАША:
-Манай улс цунами, газар хөдлөлт гэх мэтчилэн байгалийн гамшиг ихтэй тул олныг хамарсан гамшиг, ослын үед яаралтай тусламж үзүүлэхэд ямагт бэлэн байдаг. Монгол Улс яаралтай тусламжийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, чанартай зохион байгуулж чаддаг гэдгийг харуулсан дадлага, сургууль болж өнгөрлөө. Энэ нь ирээдүйд хоёр орон энэ чиглэлээр хамтарсан үйл ажиллагаа явуулахад илүү дөхөм байх болно гэдгийг баталж өглөө.
Япон Улсын Батлан хамгаалах яамны Бодлогын хэлтсийн мэргэжилтэн ЮМИКО ЁШИОКА:
-Япон, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааны 10 жилийн ой тохиож буй энэ үед Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Цэргийн төв эмнэлгийн төлөвлөлтийн баг Монголд айлчилж байгаа нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо. Энэ удаагийн дадлага, сургуулийн гол зорилго нь 2024-2025 онд хэрэгжүүлэхээр зорьж буй Монгол-Японы гамшгийн үеийн тусламж, үйлчилгээ хамтын ажиллагааны төслийн бэлтгэлийг хангах, туршлага солилцох, Монгол Улсын Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаа, хүчин чадалтай танилцах явдал юм.
Цэргийн төв эмнэлгийн дарга-ерөнхий эмч хурандаа Б.ЭНХ-ОД:
-“Дэлхийн эрүүл мэндийн салбарт тэргүүлэх үйлчилгээг үзүүлдэг Японы Өөрийгөө хамгаалах хүчний Төв эмнэлгийн эмч нарын баг манай эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага солилцох, ирээдүйд хамтарсан томоохон хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай асуудлыг хэлэлцэж байна. Япон Улс нь гамшгийн үеийн бэлэн байдлыг дээд зэргээр хангасан, мэргэшсэн байдаг. Иймээс бид Японы Цэргийн төв эмнэлгийн туршлага, сургамжийг өөрсдийн цаашдын үйл ажиллагаанд тусган нутагшуулж, үйл ажиллагаагаа илүү өндөр түвшинд явуулахад анхаарах болно” гэлээ.
Монгол Улс, Япон Улс хоорондын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн дөрөв хоногийн хугацаанд манай Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм.