Цэргийн төв эмнэлгийн Бодлого төлөвлөлт, хамтын ажиллагаа эрхэлсэн орлогч дарга, Анагаах ухааны доктор, клиникийн профессор, мэс заслын зөвлөх зэргийн эмч, дэд хурандаа Агваан-Осорын Ганбатын “Элэг-цөсний гурвалжинд байрласан эмгэгийн онош, эмчилгээ”, “Цөсний хүүдийг авах дурангийн хагалгааг аюулгүй хийх” хос номын нээлт 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Цэргийн төв эмнэлгийн хурлын их танхимд болж өнгөрлөө.
Хос номын нээлтэд БХЯ-ны шинжлэх ухаан технологийн зөвлөл, ЗХЖШ, Цэргийн төв эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Амгалан амаржих газар, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн төлөөлөл, найз нөхөд, нийт 120 гаруй зочид хүрэлцэн ирлээ.
Анагаах ухааны доктор, клиникийн профессор, мэс заслын зөвлөх зэргийн эмч Агваан-Осорын Ганбат хэлэхдээ: “Эмч хүн насан туршдаа суралцах үүрэгтэй. Насан турш суралцах, боловсрох хэрэгцээ нь эмч хүний амьдралын туршид тааралдах оношлох, эмчлэх гээд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бүхий л цаг мөчид шаардагдах мэдлэг, чадварыг цаг үе, техник технологи, инновац шингэсэн шинэ санаа, шинэлэг арга аргачлалд тасралтгүй суралцах үйл ажиллагаа юм. Иймээс л мэдлэг мэргэжил, чадвараа өсгөдөг эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь улам бүр үнэ цэнтэй, шинэ инновац шингэсэн арга аргачлал, техник тоног төхөөрөмж нэвтрүүлсэн эмнэлэг улам бүр нэр хүндтэй сайн эмнэлэг болж байна.
Энэхүү ХОС НОМ маань мэс заслын нийт эмч мэргэжилтнүүд, суралцагч эмч нарт гарын авлага болно гэдэгт итгэлтэй байна.
Номын цагаан буян түмэн олон Монголчуудад минь хуран дэлгэрч явахын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэжээ.