ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН “ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ-2019”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аяны хүрээнд эрүүл аюулгүй ажлын байр бүхий дэмжлэгт орчин бүрдүүлэх, салбарын сул ажлын байрыг олон нийтэд мэдээлэх, сурталчлах зорилгоор Эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн яармагийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Төрийн бус байгууллагууд болон төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран 2019 оны 9-р сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Цэргийн төв эмнэлэг байгууллагаа сурталчилан, сул ажлын байраа нээлттэй зарлан амжилттай оролцлоо.
“Хөдөлмөрийн яармаг-2019” арга хэмжээний хүрээнд нийслэлийн 37 эрүүл мэндийн байгууллага, хөдөө орон нутгийн 126 эрүүл мэндийн байгууллагаас 264 сул ажлын байр ирсэн ба үүнээс дүрс оношилгооны эмч, дотрын эмч, сувилагч мэргэжлийн сул ажлын байр хамгийн их эрэлттэй байлаа.
Хөдөлмөрийн яармагийн үеэр Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагатай хамтран анх удаа зохион байгуулсан “Ерөнхий мэргэшил судлал” сургалтыг төгссөн 19 төгсөгч дипломоо гардан авлаа.
Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулснаар ажил хайж байгаа салбарын мэргэжилтнүүд нэг дороос бүхий л төрлийн мэдээлэл авах боломжийг олгосон өдөрлөг болж өнгөрлөө.