Канадын эрчүүдийн цөөнх бусад эрчүүдийг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хариуцлагатай байх ёстойг уриалж цагаан тууз зүүсэн аж. Зургаан долоо хоногийн дотор Канадын 100 мянган эр цагаан тууз зүүж дэмжиж буйгаа илэрхийлж, хэлэлцүүлэгт оролцсон байна.

Цагаан тууз зүүсэн хүн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн амлалт өгч байгааг илэрхийлдэг байна. Өдгөө 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг уриалж байгаа юм.Тус аян жил бүрийн арванэгдүгээр сарын 25-аас арванхоёрдугаар сарын 10-ныг дуустал 16 хоног үргэлжилдэг бөгөөд аяны хүрээнд доорх тэмдэглэлт өдрүүд тохиодог байна.

  • Арваннэгдүгээр сарын 25: Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр
  • Арваннэгдүгээр сарын 25: Эрчүүд хүчирхийлэлийн эсрэг олон улсын цагаан туузтаны өдөр
  • Арваннэгдүгээр сарын 29: Хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн олон улсын өдөр
  • Арванхоёрдугаар сарын 1-н: ДОХ-той тэмцэх олон улсын өдөр
  • Арванхоёрдугаар сарын 3-н: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр
  • Арванхоёрдугаар сарын 10: Олон улсын хүний эрхийн өдөр

Манай хувьд энэ аяныг 1997 оноос хойш тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил Бодит хамгаалалт- Хуулийн шинэчлэл уриатайгаар зохион байгуулж байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийлэлд үндэс угсаа, нас, хүйс, боловсролын  түвшинг үл хамааран хэн ч өртөж болдог бөгөөд дэлхий дахинд хаана ч байдаг хүний эрхийн эсрэг ноцтой зөрчил юм.

Манай улсад 2010 оноос өнөөдрийг хүртэл нийт 49 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдаж, 1180 хүн бэртсэн байна. 

Мөн хүчин, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг жендерт суурилсан төрөл түгээмэл үйлддэгдсээр байгаа юм. “Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд төдийлөн цагдаагийн байгууллагад ханддаггүй хандсан ч ихэнх тохиолдолд танхайн зөрчил гэж бүртгэдэг. Иймээс зөрчил гаргасан иргэн хөнгөн хариуцлага тооцуулаад эргээд гэр бүлийн гишүүдээ дахин дарамтлах хэрэг гардаг. Улмаар хохирогчдын эрхийг хамгаалах тэдний хохирлыг барагдуулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй болоод байна” хэмээн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал хэлж байлаа.