Танилцуулга

Түүхэн товчоо

Цэргийн төв эмнэлэг /ЦТЭ/ нь 1921 оны  8-р сарын 15-нд жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар цэрэг, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр байгуулагдсан, 97 жилийн түүхтэй Монгол Улсын шинжлэх ухааны ууган эмнэлэг юм.

Жанжин Д.Сүхбаатарын тушаал

1923 оны 36 ортой эмнэлэг

1936-1976 он

1977-2016 он

2016 оны 06-р сар

           1921 оны 3 дугаар сарын 18-нд Хиагт, Алтанбулагийг гамингаас чөлөөлөх тулалдаанд ардын журамт цэргийн эмчээр оролцож Монголын партизан цэрэгт эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн хүний их эмч хүн бол Будапешт хотын анагаах ухааны дээд сургууль төгссөн Унгарын иргэн Андор Роднати байжээ. Ардын Засгийн Газар 1921 оны 4 дүгээр сард Алтанбулаг хотод цэргийн яамны хүн эмнэлгийн хэлтэс байгуулж даргаар нь төвд эмч Н. Лувсандорж мөн хэлтсийн зөвлөх бөгөөд их эмчээр Алексей Иванович Ружицкий, эмч сургагчаар Курсев, Сергеев нарыг томилон ажиллуулж эхэлсэн байна.

           Цэргийн их эмч Алексей Иванович Ружицкий 1921 оны 4 дүгээр сараас Цэргийн яамны эмнэлгийн албаны даргаар ажиллажээ. Алтанбулагт байгуулагдан ажиллаж байсан эмнэлгийн хэлтэс нь монгол, европ эмийн сантай байсан бөгөөд өвчтөн шархтнуудыг хэвтүүлэн эмчилж эхэлсэн байна. Товч дүгнэлт: Монгол ардын журамт цэрэг Хиагтыг Хятадын гамингийн цэргээс чөлөөлөх тулалдаанд журамт цэрэг, партизануудад хүний их эмчийн мэргэжлийн тусламж үзүүлж байсан байна.

           Ардын Засгийн Газрын тогтоолоор 1923 оны 10 дугаар сард Цэргийн яамны эмнэлгийн хэлтсийн харьяанд “Өвчтэй хүмүүсийг эмчлэх амбулаторийн газар”-ыг байгуулсан нь Монгол улсын анхны амбулатори буюу гадуур эмчлэх тасгийн эхлэл  байжээ. Энэ амбулаторийн эрхлэгчээр өвгөн доктор П.Н.Шастин, түүний хүү Н.П.Шастин, Зөвлөлт оросын их эмч эмэгтэй Гусина, Волвоцев нарын урилгаар ирсэн эмч нар ажиллаж байжээ. Цэргийн госпиталь нь Шастин доктортой хамгийн анх холбогдож, нилээд хугацаанд хамтран ажилласан баримтууд байдаг.

           1921-1940 онд Цэргийн эмнэлгийг өргөжүүлэн хөгжүүлсэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх болон эмнэлгийн мэргэжлээр үндэсний боловсон хүчин ариун цэврийн зааварлагч, сувилагч, бага эмч, эмийн санч бэлтгэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

           1928 онд цэргийн лазаретийг түшиглэн 10 хүнтэй санитарийн, 3 хүнтэй эм найруулагчийн курс нээсэн нь Монголын эрүүл мэндийн салбарын үндэсний боловсон хүчнийг бэлтгэх анхны эх суурь нь байсан. Энэ хугацаанд манай орны хөдөөд бага эмчийн 157 салбар, аймгийн нэгдсэн эмнэлэг болон нийслэлд 37 эмнэлэг байгуулагдан ажиллахад үндэсний 12 их эмчтэй, 159 бага эмчтэй, эмийн тусгай дунд боловсролтой 38 мэргэжилтэн, 269 сувилагч ажиллаж байсны 60 гаруй хувь нь Цэргийн төв эмнэлгийн сургалтын баазын бэлтгэсэн боловсон хүчин байсан баримт байдаг.

           Бидний ахмад үеийнхэн 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, олон зуун цэрэг дайчдыг эмчлэх үүргээ нэр төртэй гүйцэтгэж, түүхэн гавъяа байгуулсан.
Цэргийн төв госпиталийн гүйцэтгэсэн үүргийг төр засгаас үнэлж, 1955 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 15-р зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор шагнасан байна.

           Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 03 сарын 30-ны өдрийн 65-р зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсан.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээний өргөжилт

  • 1983 онд БНМАУ-ын СнЗ-ийн 339 дүгээр тогтоолоор “Клиникийн Төв Эмнэлэг” шатлалтай болон өргөжиж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх болсон.
  • 1995 онд БХ, ЭМ-ийн сайдын хамтарсан 44/112 дугаар тушаалаар Улсын хэмжээнд хурц хордлогын яаралтай тусламж үзүүлэхээр шийдвэрлэж Хордлогын яаралтай тусламжийн Үндэсний төв байгуулагдсан.
  • 2008 оны 1 сарын 1-ээс Улсын хэмжээний галт зэвсэг, нийслэлийн хүйтэн зэвсгийн үйлчлэлээс үүссэн гэмтлийн тусламжийг үзүүлж эхэлсэн /БХ, ЭМС-ын хамтарсан 2007 оны 167/204 дугаар тушаал/.
  • ЗГ-ын 2012 оны 122 дугаар тогтоолын дагуу ХЗДХЯ-ны харъяа Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг”-ийг тус эмнэлгийн мэдэлд шилжүүлж, “Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг” болгон бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан.
  • ЗГ-ын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаар тогтоолоор “Цэргийн төв эмнэлэг” болгон өөрчилсөн.
  • 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс Цэргийн төв эмнэлэгт шинээр Хүүхдийн тасаг үйл ажиллагаагаа эхлүүлэн Баянзүрх, Чингэлтэй дүүргийн 8 хороо болон ЗХ-ний албан хаагчдын хүүхдүүдэд үйлчилж байна. /ЗГ-ын 2016 оны 60 дугаар хуралдаан/
  •  БХСайдын 2017 оны  н/12 тушаалаар “Цэргийн төв эмнэлэг”-ийн ТЦОТ шинэчлэгдэн батлагдсан.

Цэргийн төв эмнэлгийн бүтэц

  • Цэргийн Төв Эмнэлэг нь Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Удирдлага, Штаб, Эмнэлэг анги, Поликлиник, Ар тал хангалтын алба гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
  • Эмнэлэг анги нь  Мэс засал, Гэмтэл, Дотор, Мэдрэл, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний клиникүүд, лабораторитой. Эмнэлгийн тоног төхөөрөмж, Сувилахуй, Статистик мэдээлэл арга зүй, Эм зүй, Эрүүл ахуй халдвар хамгаалал, Үйлчилгээний албадуудтай.
  • Поликлиник нь Мэс засал, Дотор, Шүд, эрүү нүүр, Дүрс оношилгоо, Нөхөн сэргээх сэргээн засах, Лабораторийн тасаг, кабинет,  эмнэлгийн шуурхай бүлэгтэй.

           Цэргийн төв эмнэлгийн дотрын тасаг нь 1986 оноос эхлэн эмийн бодисын цочмог хордлоготой хүмүүсийг хэвтүүлэн эмчилж эхэлсэн ба БХЯ, ЭМС-ын 1990 оны н/134/711 тоот хамтарсан тушаалаар “Дотор-хордлогын” холимог бүтэцтэй тасгийг зохион байгуулж үйл ажиллагаагаа эхэлсэн.
ЭМЯ, БХЯ-ны сайдын 1995 оны 444; А/112 тушаалаар Цэргийн төв эмнэлгийн бүтцэд нь хордлогын нарийн мэргэжлийн яаралтай тусламжийг үзүүлэх зорилгоор ХЯТҮТ болон өргөтгөн зохион байгуулагдсан.

           ХЯТҮТ нь олныг хамарсан байгалийн гамшиг ба үйлдвэрийн осол, гэмтэл, гарч болзошгүй химийн цацраг идэвхт бодисын цочмог хордлогын үед ЗГ-ын онцгой комисс, БХЯ-ны даалгаврын дагуу эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг үе шаттайгаар зохион байгуулах үүрэгтэй мэргэжлийн төв байгууллага юм.
Цаашид ХЯТҮТ-ийн үйл ажиллагааг өргөжүүлж эм, хими, цацраг идэвхит бодисын цочмог болон архаг хордлого, олныг хамарсан гамшиг ослын үед эмнэлгийн тусламжийг зохион байгуулах, хордлого судлал, эфферент эмчилгээний төрөлжсөн мэргэжил арга зүй, сургалт, судалгааг эрхлэн явуулах, тандалт мэдээллийн нэгдсэн лавлагаа төвийн үүрэг бүхий Хордлого Судлалын Үндэсний Төвийг байгуулах зорилготойгоор ажиллаж байна.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын II шатны эмнэлэг

Засгийн газрын 2010 оны 62 дугаар тогтоолоор цэргийн хээрийн II шатны эмнэлгийг “UNAMID” ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн.

БХС-ын 2010 оны 142, ЗХЖШ-ын даргын 357 дугаар тушаалуудыг батлан гаргаснаар хууль эрх зүйн үндэс бүрдсэн.

“UNAMID” ажиллагааны Цэргийн хүчний командлагчийн 2010 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Монгол Улсын II шатны эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэх тухай” тушаалын дагуу анхны ээлж үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд цэргийн 8 баг үүргээ амжилттай биелүүлсэн.

Хүмүүнлэгийн үйл ажиллагаа, хээрийн сургууль, сургалт дадлагууд

           Тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд 1993 оноос хойш жил бүр АНУ, Энэтхэг, БНСУ, Канад зэрэг олон улсын цэргийн эмч нарын багтай хамтарсан “Хааны эрэлд”,  “Номхон далайн элч” сургуулиудын  хүрээнд: Төв,  Сүхбаатар, Архангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Ховд, Завхан, Баян-өлгий, Өвөрхангай, Орхон аймгууд, нийслэлийн  СХД, БЗД, ЧД-ийн 180 гаруй мянган иргэдэд эмнэлэг хүмүүнлэгийн тусламжийг үзүүлсэн байна.

Хээрийн сургууль, сургалт, дадлагууд

Олон улсын сургалтууд:

  • 2010 оноос жил бүр “Хааны эрэлд”, “Катарын” зэрэг олон улсын хээрийн сургуулийн хүрээнд олон улсын цэргийн эмч, мэргэжилтэн, экспертүүдтэй хамтран туршлага солилцох хичээл, дадлагыг өөрийн эмнэлэг болон газар орон дээр нь зохион байгуулж байна.
  • Мөн жил бүр Сувилахуйн тусламж үйлчилгээ, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар гэсэн 2 чиглэлээр 6, 9-р саруудад АНУ-ын Номхон далайн явган цэргийн командлалын Цэргийн эмнэлэгтэй хамтран тус бүрт 5 хоногийн сургалтуудыг амжилттай зохион байгуулж хэвшсэн.

Дотоодын сургалтууд:

  • Улаанбаатар цэргийн хүрээний анги нэгтгэлүүдийн анги салбаруудын эмч нарт “Амилуулах суурь болон лавшруулсан тусламж", “Яаралтай тусламжийг багаар үзүүлэх нь“, “Гэмтлийн үеийн суурь тусламж”, “Хүнд өвчтөний хяналт үнэлгээ", “Хүнд өвчтөний тээвэрлэлт”, “Титэм судасны цочмог хам шинж” сэдэвт лекц, дадлага бүхий 1 багц цагийн сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
  • 2015 оноос эхлэн жил бүр Монголын Мэс Заслын Сувилагчдын Нийгэмлэг, Мэргэжлийн Сувилагчдын нийгэмлэг, Цэрэгжсэн байгууллагуудын сувилагчдын нийгэмлэг, Этүгэн их сургууль зэрэгтэй хамтран “Цэргийн сувилагч 2015”, “Шархны менежмент”, “Цэргийн сувилагч 2017”, “Аврахуйн сувилахуйн ухаан” зэрэг сургалтыг хот хөдөөгийн эмнэлгүүдийн сувилагч дунд мэргэжилтнүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулдаг.

Цэргийн төв эмнэлгийн бахархал

БАХАРХАЛ:

  • Монгол улсын орчин цагийн эрүүл мэндийн анхдагч, ууган эмнэлэг
  • Улс орноо батлан хамгаалах хоёр дайнд оролцсон түүхэн замнал
  • Үе үеийн бахархан дууриах үлгэр жишээч ахмад үе, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд
  • Олон Улсын энхийг дэмжих ажиллагааны үүрэг гүйцэтгэл

Эмнэлгийн барилга байгууламж

Хуучин эмнэлэг нь 1976 онд ашиглалтанд орсон ба нэмэлтээр урьдчилан сэргийлэх үзлэгийн байрыг 2004 онд ашиглалтанд оруулсан. 2018 онд засварын ажил хийгдэж байна. Нийт ашигтай талбай 9868,85мкв. Хүүхэд, Уламжлалт эмчилгээ, Арьс харшлын тасаг, даралтат хүчилтөрөгч эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэгийн хэсгүүд ажиллаж байна.

Цэргийн төв эмнэлгийн цогцолбор барилга 2016 онд ашиглалтанд орсон.  Цогцолбор барилгын “А” блокод хэвтэн эмчлүүлэх хэсэг, ариутгал, угаалга, гал тогоо, граж, “В” блокод амбулаторийн хэсэг, удирдлага, штаб, лаборатори, сэргээн засах эмчилгээний хэсэг, “С” блокод  спорт заал, бассейн, хөдөлгөөн засал болон сэргээн засах эмчилгээний хэсгүүд, граж, жижүүрийн байр байрлан үйл ажиллагаа явуулж байна.

Дотоод тохижилт

Эмнэлгийн барилгын бүх өрөө, тасалгаа нь байгалийн гэрлийн тусгал сайтай, зохиомол гэрэлтүүлэгтэй. Хэвтэн эмчлүүлэгчдийн өрөө, тасалгаа нь өдрийн гэрэлтүүлэгтэй ба шаардлагатай өрөө, палатнууд хажуугийн болон туслах гэрэлтүүлгээр хангагдсан. Нөөц цахилгаан үүсгүүртэй. Эмнэлэг нь дулааны нэгдсэн сүлжээнд холбогдсон, тасаг нэгжүүдийн өрөөнүүдэд термометр байршуулсан ба өрөө, палатны хэм стандартын шаардлага хангасан. Мэс заслын хэсгүүд тусгай зориулалтын болон Led гэрэлтүүлэгтэй.

Хурлын болон сургалтын танхимууд