Цэргийн төв эмнэлгийн сэтгэцийн кабинетаас санаачлан нийт ажилтан, алба хаагчдадаа сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол олгох, сэтгэл зүйг дэмжих сургалтыг 2024 оны турш зохион байгуулан явуулахаар төлөвлөж эхний сургалтаа амжилттай эхлүүллээ.
Эрүүл хүн гэдэг нь дан ганц бие махбодын бус сэтгэл зүйн хувьд ч эрүүл байхыг хэлдэг. Сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг бий болгож буй гол хүчин зүйлс нь стресс, түүнийг тайлах арга зүй дутуу байгаатай холбоотой юм. Ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцад ажиллах нөхцөл, ажлын ачаалал, хамт олны уур амьсгал, харилцаанаас тэдний сэтгэл санаа, бие организмд үүссэн дарамт, түүнийг даван туулах, дасан зохицох гэсэн сэтгэл хөдлөл, хариу үйлдлийг ажлын байрны стресс гэж үзнэ.
Олон Улсын статистик судалгааны үр дүнгээс харахад ажил эрхэлж буй хүмүүсийн 64% нь стресст өртөж, 56% нь нойрондоо муу болж, 26% нь ажлын байрны стрессээс болж өвчилж, 28% нь ажлын ширээний ард сууж байхдаа уур бухимдалд автаж хамт ажиллагсадтайгаа тун таагүй харилцаатай байдаг байна.
Манай улсын хувьд 2013 онд СЭМҮТ-өөс улсын хэмжээнд хийсэн “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэг”-ийн судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай, тэр дундаа 18-64 насны хүмүүсийн дунд авч үзвэл таван хүний нэг нь сэтгэл түгших, 5-6 хүн тутмын нэг нь органик бус нойрны эмгэгтэй, зургаан хүн тутмын нэг нь архаг ядаргаатай, найман хүн тутмын нэг нь тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь шаналгаа эмгэгтэй, 15-16 хүн тутмын нэг нь архинд донтох эмгэгтэй, 16 хүн тутмын нэг нь сэтгэл гутрах эмгэгтэй байна.
Энэхүү сургалт нь ажилчдын стрессээс үүдэлтэйгээр хүмүүст хандах хандлагад өөрчлөлт орох, бусдад мэдрэмжээ нээх, аливаад хандах хандлагыг өөрчлөх нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалд өртөхөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
Бүлгийн зөвлөгөө, сургалтаар дамжуулан системтэйгээр сэтгэл зүйн боловсрол олгох, тухайн бүлгийн сэтгэл зүйг дэмжин ажиллах төдийгүй хувь хүний стресс, түгшилт, сэтгэл гутрал, ажлаас халшрах хам шинж, ажил амьдралын тэнцвэрт байдал буюу бүлгийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сорил авч сэтгэл зүйн оношилгоо хийж хувь хүнд тохирсон сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөөг өгч ажиллахаар зорьж байна.